Газар газрын кофе ямар амттай байдаг вэ?

Колумб эсвэл Бразил? Кени эсвэл Этиоп? Индонез эсвэл Тайланд? Ер нь хаанахын кофе гэдэг тийм их хамаатай гэж үү?

Сүүлийн асуултад хариулахад амархан -ТИЙМ. Харин бусад асуултууд нь нэлээн ярвигтай байж болох юм.

Дэлхийн 50 гаруй оронд өөр өөрийн онцлог шинж чанар бүхий кофег тарьж ургуулдаг. Эдгээр орнууд нь дийлэнхдээ газарзүйн хувьд “Буурцагны бүслүүр” гэгдэх бүст байрладаг. Энэ бүслүүр нь ерөнхийдөө экваторын шугамтай давхцах боловч хойд зүгт Мексик, Мьянмар хүртэл, харин өмнө зүгт Зимбабве болон Бразил хүртэл өргөн орон зайг хамардаг байна.

Энэ өргөн газар нутгийн чухам ургаснаас хамаарч кофены амт, чанарт онцгой өөрчлөлтүүд гардаг аж. Тиймээс орон орны кофе чухам ямар онцлогтой байдгийг сонирхоцгооё.

Колумб улсын Толима муж дахь кофены тариалан

Кофены гарал үүсэл хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хэрэв та чихэрлэг зөөлөн амтанд дуртай бол Гватемалын кофег, хөрслөг гашуун амтыг таашаадаг бол Индонез кофег сонгож болох юм. Гэхдээ тус бүрийг нь амталж мэдрэх хүртлээ ялгааг нь төдий л сайн олж харахгүй л болов уу.

Орон орны кофены онцлог амтанд нөлөөлөх хүчин зүйлс нь зөвхөн цаг уур, хөрсний онцлог, газарзүйн байршлаар хязгаарлагддаггүй бөгөөд арчилгаа, борлуулалт гээд нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс ч хүчтэй нөлөөлдөг байна.

Түүнчлэн кофе нь улирлын чанартай ХАА-н бүтээгдэхүүн учир жилийн зарим үед тодорхой төрлийн кофены нийлүүлэлт буурах хандлага ажиглагдах нь бий. Тиймээс хэзээ хаанаас ямар төрлийн кофег олж авах вэ гэдгийг мэддэг байх нь кофег боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэгчдийн гар хүргэдэг үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн том сорил байдаг аж.

Африк

Африкаас гаралтай кофе нь ерөнхийдөө чихэрлэг зөөлөн амттай байдаг. Жишээлбэл Этиоп кофе нь цай шингэн, нэрс жимс мэт амттай байдаг бол Кени кофе нь усан үзэм шиг амттай илүү хүчиллэг байдаг аж. Харин Руанда болон Бурунди улсад тариалсан кофе нь чихэрлэг бас илүү өтгөн хандлагддагаараа онцлогтой.

Америк

Төв Америкийн улсууд өнөөгийн кофены өнгө төрхийг тодорхойлж байгаа гэхэд хилсдэхгүй. Жишээлбэл дэлхийн нийт кофены 1/3-ийг нийлүүлэгч Бразил кофе нь хар шоколод, самарын гашуун амттай өтгөн шинжтэй байдаг. Энэ нь кофенд дурлагчдад хамгийн танил амт юм. Түүнээс гадна хамгийн тэнцвэртэй амттай гэгддэг Колумб кофег энд дурдах нь зүйтэй.

Эл Салвадор дахь  талбайд кофе хатааж байгаа нь

Ази

Өргөн уудам газартай Ази тивд онцгой шинж чанар бүхий кофе тариалдаг улсууд цөөнгүй бий. Жишээлбэл Индонезийн хөрслөг, утааны амт бүхий кофе, Дэлхийд кофены нийлүүлэлтээрээ хоёрдугаарт бичигддэг Вьетнам гэх мэт. Түүнээс гадна Мьянмар, Папуа Шинэ Гвиней зэрэг чихэрлэг жимсний амт бүхий кофе тариалалтаараа танигдаж эхэлж байгаа улсуудыг дурдаж болох юм.

Гондурас дахь талбайгаас кофе хурааж байгаа нь

Эх сурвалж: What do coffees from around the world taste like – & Why?